Уг бэлдмэл нь хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтөд хэрэглэдэг стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд үений үрэвслийн (остеоартрит, хэрэх төст үений үрэвсэл, өсвөр насныхны үений үрэвсэл) үед үрэвсэл, хаван, хөших, үе өвдөх зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг. Уг бэлдмэлийг жоргүй болон эмчлэгч эмчийн жорын аль алинаар авах боломжтой.
Жортой болон жоргүй олгодог бэлдмэл: хөнгөнөөс дунд зэргийн булчингийн өвдөлт, дархлаажуулалтын дараах халууралт зэргийг намдаах, толгойн өвдөлт, чих, шүд ба нурууны өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Түүнийг булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг бага зэргийн гэмтлийн үед хэрэглэнэ. Ууж хэрэглэдэг хөвмөл нь халууралт болон ханиад шуухинаа, томууны үед илрэх шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй байдаг.
Зөвхөн жороор олгодог бэлдмэл: өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй учир сарын тэмдгийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, хагалгааны дараах өвдөлт, хэрэх төст үений үрэвсэл (өсвөр насныхны хэрэх төст үений үрэвсэл эсвэл Стиллийн өвчин), нурууны барьцалдаат үрэвсэл, остеоартрит ба бусад хэрэх төст бус (серо сөрөг) үений эмгэг зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.
ИбуКейр бэлдмэлийг үений бус хэрэхийн эмгэгийн эмчилгээ, капсулит, бурсит, тендонит, теносиновит, нурууны доод хэсгийн өвдөлт зэрэг үе орчмын эмгэгийн үед хэрэглэнэ. Түүнчлэн булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг зөөлөн эдийн гэмтлийн үед хэрэглэнэ.
ИбуКейр нь пропионы хүчлийн уламжлалын стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд простагландины нийлэгжилтийг дарангуйлах үйлдэлтэй болох нь тогтоогдсон.
Хүнд ибупрофен нь үрэвсэлт өвдөлт, хаван ба халууралт зэргийг багасгана. Түүнчлэн ибупрофен нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлдаг. Хэрэглэсний дараа түргэн шимэгдэх ба бүх биеэр тархана.
Сийвэнгийн концентраци нь хооллох үед ууснаас хойш ойролцоогоор 1-2 цаг, өлөн үед хэрэглэхэд 45 минутанд тус тус оргил хэмжээндээ хүрдэг.
Эдгээр хугацаа нь янз бүрийн эмийн хэлбэрээс хамаарч өөр өөр байна. Бөөрөөр бүрэн бөгөөд түргэн гадагшилна.