Онцгой анхааруулга
Анаприлин хэрэглэж байгаа өвчтөнг хянахдаа зүрхний агшилтын тоо ба артерийн даралт (эмчилгээний эхэнд – өдөр бүр, дараа нь 3-4 сард 1 удаа), зүрхний цахилгаан бичлэг зэргийг ажиглах хэрэгтэй.
Өндөр настай өвчтөний бөөрний үйл ажиллагааг хянахыг зөвлөнө (4-5 сард 1 удаа).
Өндөр настай өвчтөнд ихсэж буй брадикарди (минутанд 50 цохилтоос цөөн), артерийн гипотензи (систолын артерийн даралт 100мм мөнгөн усны баганаас бага), тосгуур ховдлын хориг, гуурсан хоолойн агчил, ховдлын хэмнэл алдагдал, элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлтийн шинж илэрсэн тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах ба эсвэл эмчилгээг зогсооно.
Бета-адреноблокатор хэрэглэсний улмаас сэтгэл унал үүсвэл эмчилгээг зогсоохыг зөвлөнө.
Зүрхний агшилтын тоог тооцоолох аргачлалыг өвчтөнд зааж сургах ба зүрхний агшилтын тоо минутанд 50-аас цөөн болсон тохиолдолд эмчийн зөвлөгөө шаардлагатай талаар зааварчилна.
Контакт линз хэрэглэж байгаа өвчтөн бэлдмэлийн эмчилгээний үед нулимсны шүүрэл багасаж болзошгүй болохыг анхаарах хэрэгтэй.
Зүрхний дутагдалтай (эрт үе шат) өвчтөн анаприлин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зүрхний гликозид болон шээс хөөх эм хэрэглэх шаардлагатай.
Зүрхний цус хомсрох өвчин ба артерийн тогтвортой гипертензийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэх ба анаприлиныг хэдэн жил хэрэглэж болно.
Эмчилгээг эмчийн хяналтан дор аажим зогсооно. Огцом зогсоовол зүрхний булчингийн цус хомсрол, бахын хам шинж огцом ихсэж биеийн хүчний ачаалалд тэсвэрлэх чанар дордож болно.
Бэлдмэлийн эмчилгээг тунг 2 долоо хоног ба түүнээс дээш хугацаанд (тунг 3-4 өдөр тутамд 25%-р багасгана) аажим багасгаж зогсооно.
Чихрийн шижинтэй өвчтөнд бэлдмэлийг цусан дахь сахарын агууламжийн хяналтан (4-5 сард 1 удаа) дор хэрэглэнэ.
Тиреотоксикозын үед анаприлин нь гипертиреозын эмнэл зүйн тодорхой шинжийг (жишээ нь тахикарди) далдалж болно. Тиреотоксикозтой өвчтөнд бэлдмэлийг огцом зогсоож болохгүй. Учир нь шинж тэмдэг нь хүчжинэ.
Цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд бета-адреноблокаторыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь удаан хугацаагаар хоол идэхгүй бол гипогликеми үүсэж болно. Энэ үед илрэх тахикарди болон салганах зэрэг шинж нь бэлдмэлийн нөлөөгөөр далдлагдаж болно.
Бета-адреноблокторын эмчилгээний үед гипогликемийн үндсэн шинж нь хөлс их хэмжээгээр ялгарах гэдгийг өвчтөнд зааварчилна.
Цусан дахь сахарын хэмжээг багасгах эмтэй хамт болгоомжтой (инсулины эмчилгээний суурин дээр гипогликеми, ууж хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээг бууруулах эм хэрэглэж байгаа суурин дээр гипергликеми үүсэх аюултай) хэрэглэнэ.
Клонидинтэй хамт хэрэглэж байгаа үед түүний хэрэглээг зөвхөн анаприлиныг зогсоосноос хойш хэдэн өдрийн дараа зогсоож болно.
Феохромоцитомтой өвчтөнд зөвхөн альфа-адреноблокатор эмтэй хамт хэрэглэнэ.
Солиорлын эсрэг эм, сэтгэл засах эмтэй хамт хэрэглэж болохгүй.
Катехоламины нөөцийг багасгадаг бэлдмэл (жишээ нь резерпин) нь бета-адреноблокаторын үйлдлийг хүчжүүлж болно. Иймээс ийм хослол хэрэглэж байгаа өвчтөнд артерийн гипотензи ба брадикарди илрэх эсэхийг эмч байнга хянаж байх хэрэгтэй.
Анаприлины эмчилгээний суурин дээр верапамил, дилтиазем судсанд тарьж хэрэглэхээс зайлсхийнэ.
Сэтгэц идэвхт эмийн бэлдмэлтэй (жишээ нь моноаминоксидазыг саатуулагч) тэдгээрийг 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэнэ.
Хлороформ эсвэл эфирын ерөнхий унтуулгаас хэдэн өдрийн өмнө бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь артерийн гипотензи үүсэх ба зүрхний булчингийн үйл ажиллагаа дарангуйлагдах эрсдэл ихсэнэ.
Тамхичдад бета-адреноблокатор эмийн үйлдэл сул илэрнэ.
Артерийн даралт огцом багасаж болзошгүй тул эмчилгээний үед этанол хэрэглэхийг зөвлөхгүй.
Цус ба шээсэнд катехоламин, норметанефрин, ванинилминдалын хүчлийн агууламж, антинуклеар эсрэг биеийн титр тодорхойлох шинжилгээ хийхээс өмнө бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
Эмчилгээний үед байгалийн чихэр өвс, уургаар баялаг хоол хүнс хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь биохүрэхүй нь ихсэж болно.