Бэлдмэлийн тунг үргэлж өвчтөний биеийн байдлаас хамаарч тогтооно.
Артерийн гипертензиийн эмчилгээ:
Эхлээд хоногт 5 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Эмнэлзүйн үр нөлөөнөөс (артерийн даралт буурах) хамаарч тунг тохируулна. Ердийн барих тун 10-20 мг байх бөгөөд шаардлагатай тохиолдолд болон бэлдмэлийн зохимж сайн байвал хоногийн тунг 40 мг хүртэл нэмэгдүүлж болно. Илүү өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Эналаприлын эмчилгээний өмнө шээс хөөх эмийг зогсоож чадаагүй өвчтөнд 2.5 мг тунгаар хоногт 1 удаа эхэлж хэрэглэж болно. Бөөрний судасны гаралтай артерийн гипертензи буюу уг эмгэг гэж сэжиглэж байгаа тохиолдолд эмчилгээг нарийн мэргэжлийн эмч явуулна.
Зүрхний архаг дутагдлын эмчилгээ:
Эхлээд 2.5 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг эмнэлзүйн дээд үр нөлөө илэртэл ерөнхийдөө 2-4 долоо хоногийн дараа аажим нэмэгдүүлнэ. Хоногийн барих дундаж тун 2.5-10 мг (1 удаа хэрэглэх) бөгөөд барих дээд тун - 20 мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ.
Зүүн ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй өөрчлөлт:
Эхлээд 2.5 мг-р хоногт 2 удаа хэрэглэх бөгөөд бэлдмэлийн зохимжоос хамаарч тунг тохируулна. Барих дундаж тун нь 10 мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ.
Бөөрний гаралтай артерийн гипертензийн эмчилгээ:
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт болон креатинины клиренс зэргээс хамаарч тунг тогтооно. Креатинины клиренс 0.5 мл/сек (30 мл/мин)-с их үед эхлээд хоногт 5 мг-р, 0.5 мл/сек (30 мл/мин)-с бага үед бэлдмэлийг хоногт 2.5 мг-р эхлэн хэрэглэх бөгөөд эмнэлзүйн үр нөлөө илэртэл тунг аажим нэмж болно.
Гемодиализ-д байгаа өвчтөнд гемодиализ хийлгэсэн өдрөө 2.5 мг-р хэрэглэх ба бусад өдөр эмч артерийн даралтаас хамаарч тунг тохируулна.
Шахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж ууна. Бэлдмэлийг хоолны өмнө, хооллох үед, хоолны дараа тус тус хэрэглэж болно. Хоногийн 1 цагт тогтмол хэрэглэж занших хэрэгтэй.
Хэрэв өвчтөн бэлдмэлээ хэрэглэхийг мартвал санасан даруйдаа уух шаардлагатай. Дараагийн эм хэрэглэх цаг болоход хэдхэн цаг үлдсэн байвал тогтсон цагтаа эмээ уух нь тохиромжтой. Мартаж өнгөрөөсөн тунг хэрэглэхгүй. Тунг дур мэдэн давхарлаж хэрэглэхгүй.
Энапын эмчилгээний үед ялангуяа эмчилгээний эхэнд болон бэлдмэлийн хамгийн тохиромжтой тунг тогтоох үед эмнэлгийн шинжилгээ явуулах шаардлагатай. Эмнэлгийн шинжилгээ явуулах давтамжийг эмчлэгч эмч тогтооно.
Энапын эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлнэ.Эмчилгээг зогсоох шалтгаан үүсэхгүй бол бүх амьдралын турш хэрэглэнэ.