Анхааруулга: Гемодинамикын өөрчлөлт бүхий аортын болон хоёр хавтаст хавхлагын нарийсал, зүүн ховдлоос шахах цусны урсгал ямар нэгэн байдлаар саадтай болсон тохиолдолд амприланыг хэрэглэхгүй.
Болгоомжлол: Эмчилгээний эхэнд бөөрний үйл ажиллагааг сайтар хянана. Ялангуяа бөөрний үйл ажиллагаа нь суларсан, бөөрний судасны эмгэгтэй (эмнэлзүйн шинж тэмдэггүй бөөрний артерийн нарийсал буюу нэг бөөртэй өвчтөний гемодинамикын өөрчлөлт бүхий бөөрний артерийн нарийсал), зүрхний дутагдалтай өвчтөний бөөрний үйл ажиллагааг амприланы эмчилгээний явцад анхааралтай хянах шаардлагатай.
Ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэлийн эмчилгээний үед AN69 мембран хэрэглэн гемодиализ хийвэл харшлын урвал ихсэх эрсдэл нэмэгдэнэ. Декстран сульфатын тусламжтайгаар бага нягтралтай липопротеиныг цуснаас шүүх үед дээрхтэй төстэй урвал илэрдэг тул ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэлийн эмчилгээний үед уг аргыг хэрэглэхээс зайлсхийнэ.
Бөөрний эмгэгтэй өвчтөнд ялангуяа шээс хөөх эм хэрэглэж байгаа үед амприланыг хэрэглэхэд цусан дахь мочевин ба креатининий хэмжээ ихсэж болох бөгөөд энэ тохиолдолд тунг багасгах буюу эмчилгээг зогсооно. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл нэмэгдэнэ.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний элэгний эстераза ферментийн идэвх багасан рамиприлын метаболизм ба идэвхтэй метаболитын үүсэлт тус тус удааширдаг. Иймээс энэ үед зөвхөн эмнэлгийн нарийн хяналтан дор хэрэглэж болно.
Бага давстай буюу давс хязгаарласан хоолны дэглэм барьж буй өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Учир нь артерийн гипотензи үүсэх эрсдэлтэй.
Эргэлдэх цусны хэмжээ багассан өвчтөнд (шээс хөөх эмийн эмчилгээний дүнд) диализ явуулах, бөөлжих, суулгах үед шинж тэмдгийн гипотензи үүсэж болзошгүй.
Даралт тогтворжсоны дараа түр зуур даралт багасах нь эмчилгээг цаашид зогсоох шалтгаан болохгүй. Илэрхий гипотензи давтан илэрсэн тохиолдолд бэлдмэлийн тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.
Өргөн хэмжээний мэс засалд орж буй өвчтөн буюу ерөнхий унтуулгын үед артерийн гипотензи үүсгэдэг бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд амприлан нь ангиотензин II-ын үүсэлтийг саатуулснаар хариу урвалын дүнд рениний чөлөөлөгдөлт ихсэж болно. Хэрэв эмч артерийн гипотензи үүсэхийг дээрх механизмтай холбовол эмчилгээг эргэлдэх цусны хэмжээг ихэсгэхэд чиглүүлнэ.
Ховор тохиолдолд эмчилгээний явцад агранулоцитоз, эритроцитопени, тромбоцитопени, гемоглобин багасах зэрэг цус төлжилт дарангуйлагдах шинж илэрч болно. Нейтропени/агранулоцитоз үүсэж болзошгүй тул эмчилгээний эхэнд ба явцад цусны цагаан эсийн тоог хянах шаардлагатай.
Бөөрний дутагдал, холбогч эдийн өвчин (улаан чоно яр, склеродерми), цус төлжилтөнд нөлөөлдөг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа (эмийн харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үз) тохиолдолд илүү байнгын хяналт шаардагдана.
Нейтропени/агранулоцитозын эмнэлзүйн шинж илрэх ба цэгэн цус харвалт нэмэгдэх үед цусны дүрст элементийг зайлшгүй тоолно.
Артерийн гипертензитэй өвчтөнд амприланыг хэрэглэх үед ховор тохиолдолд цусан дахь калийн хэмжээ ихсэж болно. Цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл нь зүрхний архаг дутагдал, кали хөөдөггүй шээс хөөх эм (спиронолактон, амилорид, триамтерен) ба калийн бэлдмэл хэрэглэж байгаа үед нэмэгдэнэ.
Зөгийн хорны мэдрэггүйжүүлэх эмчилгээний үед рамиприлыг хэрэглэхэд анафилаксын урвал (артерийн даралт багасах, амьсгаадах, бөөлжих, арьсны тууралт) илэрч амь насанд аюул учруулж болзошгүй. Харшлын урвал шавьжинд хазуулах үед үүсэж болно. Зөгийн хорны мэдрэггүйжүүлэх эмчилгээ явуулах зайлшгүй шаардлагатай үед ангиотензин ферментийг хориглогч бэлдмэлийн эмчилгээг зогсоох ба өөр бүлгийн тохиромжтой эмээр эмчилгээг үргэлжлүүлнэ.